Сайн байна уу? Ta энд бичлэгээ тавихыг хүсвэл bilgee1995@yahoo.com бичлэгээ өгнө үү! Facebook дээр LIKE дарж биднийг дэмжээрэй.
Main » 2012 » December » 31 » Царайлаг орчлон
1:49 PM
Царайлаг орчлон

"Сэвхтэй би сэвхтэй

 

Сэвхтэй би царай муутай” гэж манай нэгэн рок хамтлагийн дуулдаг энэ дуу гомдмоор хэрнээ надад яг таг тохирсон гэлтэй. Элбэрэлт эх минь энэ биеийг эсэн мэнд төрүүлж, өдий зэрэгт өсгөж өгсөн ч бурхан надаас тэр "царайлаг” гэдэг тодорхойлолтыг хасчихсан юм аа.

 

Бага байхдаа болоод л байлаа. Үеийн жаалуудын сайртай хацарнаас миний сэвхтэй нүүр төдийлөн ялгардаггүй, тэгэсгээд дунд нь уусчихдаг байв.

 

Дунд сургуульд орлоо. Үеийн охид намайг давуулан хардаг болж, бишүүрхэн байж бичсэн захиаг минь уншихгүй гэхэд ядаж гардаж ч авдаггүй байсныг эс тооцвол бас ч гэж одооныхоос дээр байв.

 

Оюутан боллоо. Ангидаа ганцаараа үерхдэг хүнгүй сондгойрч, багш бүхэнд нүд үзүүрлэгддэг байсан ч азаар толгой сайтайнхаа хүчинд "онц”-оос зуурч чаддаг байсан юм. Бодоод байхад их сургуульд мөн л царайны сайхан тийм ч чухал биш байж. Урдах хичээлээ хийгээд, дүлий дүмбэ оргиод явж байхад над шиг зожиг эрд хэн ч, юу ч саад хийдэггүй, зохих дүнгээ харамгүй аваад явж болоод байв.

 

Миний зовлон тэр нэгэн хавраас эхэлсэн гэж мөхөсби боддог юмаа. Хэзээ гэхээр, сургууль төгсөөд диплом гардаж, ромбо зүүсэн тэр өдрөөс. Мэргэжлийн гэх тодотголтой болчихоод бөөн баяр болсон хүн амьдралынхаа алтан жолоог атгахаар ажил хайж эхэлдэг юм биз дээ. Би уг нь нягтлан бодогч мэргэжилтэй. Сайндаа ч биш, энэ мэргэжилд царайны сайхан тийм ч их нөлөө үзүүлэхгүй гэж бодоод сонгосон хэрэг. Гэтэл үгүй ажээ.

 

Зарын дагуу нэгэн шинэхэн байгуулагдсан компани руу дипломоо өвөртлөөд очлоо. "Захирал” гэсэн өрөөний үүдэнд хэсэг хүлээж суув. Гэнэт даргын нарийн бичиг бололтой нэг хүүхэн гарч ирсэн ч үгүй, өрөөнөөсөө "Өөрөө ороод ир дээ” гэж хашгирлаа. Яваад ортол өнөөх хүүхэн доош харсан чигтээ ямар сургууль төгссөн, урьд нь ажиллаж байсан эсэхийн асууж гарав. Би ч хариуллаа. Миний хариулт таалагдсан бололтой, толгой дохиж байснаа босч ирэн "Та дарга дээр...” гэж хэлээд гацаж орхих нь тэр. Эвэртэй туулай үзсэн мэт надрүү нүдээ эргэлдүүлэн ширтэж байснаа өмнөх яриагаа дуусгалгүй "...манайх хүн авчихсан” гээд суучихав. Би ч гайхаш тасрахдаа, "Та түрүүн...” гээд ээрч мууран зогстол "Хүн авсан. Үгүй ээ, өөр хүн авна” гээд "Та л лав биш” гэсэн мэт буруу хараад суучихав. Би арга буюу хаалга зүглэлээ. Хаалганы хажууд асар том толь намайг яагаад ажилд гологдсоныг минь харуулах гэсэн шиг өөдөөс ёжтой мэлтийж байв.

 

Эхний удаа шантарсангүй ээ. Дахиад хэд хэдэн ажилд шалгуулсан ч царайнаасаа болоод үгийн зөрөөгүй хасагдсаар. Сүүлдээ аргаа барлаа. Бас гайхлаа. Бичиг баримт, тоо бүртгэлтэй ноцолдоод сууж байх надад сайхан царайны хэрэг юу байна вэ? Цаас л надаас үргэж, цочихгүй бол хэнд тэгж гай удах хэрэг вэ? Үгүй бололтой. Одоо үеийн ажилд орох айхтар тэр "хэмжүүр” бүх мэргэжилд, бүх хүнд үйлчилдэг аж. Шал угаахад хүртэл плита цочиж, хувцас оёход утас ээрнэ гэж боддог бололтой. Аяга таваг угаагч, төмс ногоо арилгагч, ариун цэврийн өрөө цэвэрлэгч гээд бүх л зар дээр "өндөр, царайлаг...” гэсэн байхыг яана.

 

Бүтэн жил энэ "хэмжүүр”-т дарлуулсан миний урам нэг мөсөн хугарч, дахин ажил хайх ч хүсэлгүй болов оо. Ганцаар гиюүрч суухдаа ганц нэг балгадаг ч болов. Сүүлдээ орой бүхий балгаж эхэллээ. Тэр гайтай "царайлаг” гэгчээс чухам балгасан үедээ л салж, сэтгэл амрах шиг болно. Лонхтой дарс л харин царай голдоггүй бололтой...



Category: Хайрын тухай түүх♥ | Views: 405 | Added by: Билгээ | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: